2023-10-25
223 УДАА
УИХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНД УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО
Хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. “Улсын Их Хурлаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байх зарчмыг баримтлан бага бохирдуулвал бага, их бохирдуувал их төлбөр төлж, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж, эргүүлэн ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх зэргээр бодлогоор дэмжих асуудлыг тусгаж өгсөн. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, түүнийг дагалдан гарсан Засгийн газрын 1 тогтоол, Засгийн газрын гишүүдийн хамтарсан 4 тушаал, БОАЖ-ын сайдын 5 тушаал, усны чанарын 5 стандарт зэрэг 15 эрх зүйн баримт бичгийг мөрдүүлэн ажиллаж байгаа” гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Мөн тэрбээр,  Усны тухай хуулийн 24.2-д заасны дагуу хоногт 50 шоометрээс их, аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргаж, тус дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг, аюултай бодис агуулаагүй ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг олгож хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаар дурдав. 
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны хаягдал усны дүгнэлтээр 16.31 тэрбум, 2021 онд 16.34 тэрбум, 2022 онд 5.44 тэрбум, 2023 оны эхний хагас жилд 1.16 тэрбум төгрөг ногдуулснаас 2023 оны 6 дугаар сарын 02-ний байдлаар 3.89 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах бодлогыг дэмжих, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа.
Түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу айл өрхийг 100 хувь чөлөөлж, үйлдвэр үйлчилгээндээ хаягдал усаа цэвэршүүлэн эргүүлэн ашигласан тохиолдолд эргүүлэн ашигласан усны хэмжээгээр төлбөрөөс чөлөөлж байгаа бөгөөд уул уурхайн компаниуд ихэвчлэн ашигласан усаа эргүүлэн ашиглаж байгаа ажТухайлбал, уул уурхайн компаниудаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу 2020 онд 3.3 тэрбум төгрөг, 2021 онд 4 тэрбум, 2022 онд 3.9 тэрбум, 2023 оны эхний хагас жилд 0.9 тэрбум төгрөгийн төлбөрийг чөлөөлсөн байна.
Улсын хэмжээнд 96 хаягдал ус цэвэрлэх байгууламж байгаагаас цэвэршилтийн түвшингөөр 90%-тай 29, 70%-80%-тай 8, үлдсэн 37 цэвэрлэх байгууламж стандартын шаардлагад нийцэхгүй хаягдал бохир усыг хүрээлэн буй орчинд нийлүүлж байна. Цэвэрлэх байгууламжууд хэт хуучирсан, урсгал засвар хийгдэхгүй удсаны улмаас ашиглалтын горим хангахгүй, хаягдал усыг цэвэрлэлгүйгээр байгальд шууд нийлүүлж байгаа нь хөрс, ус бохирдох үндсэн нөхцөл болж байгааг сайд Б.Бат-Эрдэнэ онцоллоо.
Ялангуяа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүйд хүрч, стандартын хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа тул Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн орчин үеийн технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг барьж эхлээд байгаа талаар дурдаад Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний хүрээнд Төв цэвэрлэх байгууламжаас гарах 50,000 м3/хон усыг дахин боловсруулж Дулааны III, IV цахилгаан станцын техникийн хөргөлтөд ашиглахаар “Ус дахин цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг эхлүүлсэн бөгөөд уг төслийн зураг төсөл 60%, барилга угсралтын ажил 5%-тай явагдаж байгаа аж.
Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, стандартын шаардлага хангасан усыг Туул голд нийлүүлж, бохирдлыг бууруулахаас гадна ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн шаардлагыг хангаж чадсанаар 50,000 м3/хон усыг дахин ашиглаж энэ хэмжээний усны нөөцийг хэмнэх боломжтой болох юм гээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Үүнд,
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Усны тухай, Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулсан байгаа бөгөөд уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулах;
-Салбар хоорондын хамтын ажиллагаа сайжруулах. Тухайлбал цэвэрлэх байгууламжууд өөрсдөө бохирдуулагч эх үүсвэр болоод байгаа өнөө үед Барилга, хот байгуулалтын яам, Зохицуулах зөвлөл, Нийслэлийн ЗДТГ, Ус сувгийн удирдах газруудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж, цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй бохир усны чанарыг хянах, үнэ тарифыг шинэчлэх;
-Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалатын тухай хуулийн 14.2.1-д заасны дагуу хангагч байгууллага нь хүлээн авч буй бохир усны чанарт хяналт тавьдаг болох, Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгуулалагад тус хуулийн 15.1.5, 18.5-д заасныг мөрдөх нөхцөлийг бүрдүүлж хаягдал усны шугамд нийлүүлэх MNS 6561:2015 стандартыг мөрдүүлэх;
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, олон улсын туршлага, менежментийг нэвтрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг хил, гаалиар нэвтрүүлэхэд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, ногоон зээлд хамруулах эдийн засгийн хөшүүргийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг сайжруулах;
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулах;
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сайжруулах үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төлөвлөж, байгууллагын төсөвт жил бүр тусгуулах арга хэмжээг авах;
-Ус бохирдуулсны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг бууруулах, арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба нийт орлогын 50-аас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах боломжийг бүрдүүлж, ус бохирдуулсны төлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын санд шилжин, хүрээлэн буй орчныг бохирдох, доройтохоос хамгаалах, бууруулахад шаардагдах зардлыг жил бүр тусгах;
- Хаягдал усыг тоолууржуулах ажлыг эрчимжүүлэх, хаягдал усанд шинжилгээ хийдэг лабораториудыг итгэмжлэх, хамрах хүрээг өргөтгөн хаягдал усны стандартад заасан үзүүлэлтүүдийг бүрэн шинжлэх техникийн болон хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд эдгээр ажлыг хэрэгжүүлснээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт сайжирч, аж ахуйн нэгж байгууллагууд хаягдал усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх, цэвэрлэсэн усыг эргүүлэн ашиглах үйл явцаар дамжуулан цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс багасгах, хүрээлэн буй орчныг бохирдлоос сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, ус хамгийн их хэрэглэдэг салбар бол уул уурхай, тэр дундаа усны нөөц ховор говьд үйл ажиллагаа эрхэлдэг Оюу толгой компаны усны ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийгдэж байна вэ, Улсын Их Хурлын гишүүн  Ц.Идэрбат, Усны тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр БОАЖЯ санаачилгатай ажиллаж буйг дурдаад, уул уурхайтай холбоотойгоор говийн усны нөөцийг хэрхэн хамгаалж, нөөцлөх вэ, ямар санаачилга гарган ажиллаж байна вэ, “саарал ус"-ыг хэрэглэж буй туршлага бий эсэх, орон нутагт, ялангуяа мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжийн ашигласан усыг цэвэрлэх бага оврын цэвэрлэх байгууламж байгуулсан туршлага байна уу, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, ус бохирдуулсны төлбөрийг бүрэн хураан төвлөрүүлэхэд ямар бэрхшээл гарч байна вэ, говийн бүсэд усыг хэрхэн зүй зохистой ашиглаж, жишиг болохуйц ямар уул уурхайн компани байна вэ, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл юу байна вэ, Биокомбинат, Шувуун фабрикаас цааш Туул гол маш их бохирдолтой байна, бохирдолтын түвшин ямар байгаа талаар асуулт асууж, хариулт авав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, ус хамгийн их хэрэглэдэг салбар бол уул уурхай, тэр дундаа усны нөөц ховор говьд үйл ажиллагаа эрхэлдэг Оюу толгой компаны усны ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийгдэж байна вэ, Улсын Их Хурлын гишүүн  Ц.Идэрбат, Усны тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр БОАЖЯ санаачилгатай ажиллаж буйг дурдаад, уул уурхайтай холбоотойгоор говийн усны нөөцийг хэрхэн хамгаалж, нөөцлөх вэ, ямар санаачилга гарган ажиллаж байна вэ, “саарал ус"-ыг хэрэглэж буй туршлага бий эсэх, орон нутагт, ялангуяа мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжийн ашигласан усыг цэвэрлэх бага оврын цэвэрлэх байгууламж байгуулсан туршлага байна уу, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, ус бохирдуулсны төлбөрийг бүрэн хураан төвлөрүүлэхэд ямар бэрхшээл гарч байна вэ, говийн бүсэд усыг хэрхэн зүй зохистой ашиглаж, жишиг болохуйц ямар уул уурхайн компани байна вэ, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл юу байна вэ, Биокомбинат, Шувуун фабрикаас цааш Туул гол маш их бохирдолтой байна, бохирдолтын түвшин ямар байгаа талаар асуулт асууж, хариулт авав.